“ЗАХИРГААНЫ АКТ, ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ МАНАЙ ХУУЛЬЧИД ОРОЛЦОН САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

“Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хороо”, МУИС-ийн “Харьцуулсан эрх зүй, Олон улсын эрх зүйн судалгааны төв”, “Легал академи” хамтран “Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны зарим тогтоолд хийсэн дүн шинжилгээ: Захиргааны акт, зөрчилтэй холбоотой маргаан” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 4 дугаар сарын 13-ны өдөр хуульчдын дунд амжилттай зохион байгууллаа.  Тус хэлэлцүүлэгт  40 гаруй хуульч оролцсон бөгөөд илтгэгч, судлаачид УДШ-ээс 2021 онд хянан шийдвэрлэсэн захиргааны акт, зөрчилтэй холбоотой маргаантай холбоотой 6 тогтоолд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, оролцогчдын асуултад хариулж, санал солилцсон юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү хэлэлцүүлгийг Улсын Дээд Шүүхийн хууль хэрэглээний практикийг тогтмол судлах, түүнийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, хуульчдын хэлэлцүүлгийг идэвхтэй өрнүүлэх ажлын эхлэл болж байгааг дурдаад, цаашид хуульч, судлаачидтай хамтран Улсын Дээд Шүүхийн практикийг судлах ажлыг зохион байгуулж, хууль хэрэглээний нэгдмэл практикийг бий болгоход онцгойлон анхаарна гэдгээ илэрхийлсэн юм.