"ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2022"-ЫГ "ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-СОРИЛТ, БЭРХШЭЭЛ" СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тод такс ТМЗ-ийн хуульчид Монголын Хуульчдын холбооноос 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвийн дор зохион байгуулсан “Хуульчдын форум”-д оролцож, санал бодлоо солилцон туршлага судаллаа.

“Хуульчдын форум” нь хуульчдын нийтийн сайн сайхны төлөөх дуу хоолой, байр суурийг илэрхийлэх индэр болдог бөгөөд энэ удаагийн форумд 300 гаруй хуульч, хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, хууль зүйн салбарын доктор, профессорууд оролцож илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн туршлага, санал, санаачилгыг хуваалцсан юм.

Үндсэн хуралдааны хүрээнд, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн  үнэт зүйлийг хамгаалах асуудал-Шинжлэх ухааны үндэслэл” , Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл “Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим”, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”,  Хууль зүйн ухааны доктор В.Удвал “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг, сорилт, бэрхшээл”, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан  “Өмчлөх эрхийн Үндсэн хуулийн баталгаа” , Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч А.Базар “Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2-р шийдвэрийн талаарх шүүмж хэлэлцүүлэг” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

Харин  салбар хуралдааны хүрээнд “Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн бүтцийн асуудал”, “Үндсэн эрхийг Захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар бэхжүүлэх нь”, “Өмчлөх эрхийг хувийн эрх зүйгээр хангах нь”, “Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлийг Эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалах нь” салбарын ерөнхий сэдвийн хүрээнд "Үндсэн хуулийн оршил хэсэг-үзэл баримтлал", "Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага", "Өмгөөлөгч нийтийн эрх эрх ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх", "Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийтийн эрх зүйн чиг үүргийн хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад тулгамдаж буй асуудал", "Арилжаа эрхлэгч болон хэрэглэгчийг хувийн эрх зүйн суурь ойлголттой болгосноор өмчлөх эрхийг хамгаалах орчин бүрдэх нь", "МУ-ын 2017 оны 01 тоот тогтоолын үр нөлөө, ач холбогдол", "Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ ба хүний эрх", "Халдашгүй чөлөөтэй байх эрхийн Эрүүгийн эрх зүйн хамгаалалт", "Эрүүгийн эрх зүйн хөөн хэлэлцэх хугацааны тулгамдсан асуудал" зэрэг сэдвээр хуульч, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал, шийдэл дэвшүүлж, зөвлөмж, уриалга гаргасан бөгөөд зөвлөмжийг албан ёсоор холбогдох байгууллагад хүргүүлсэн юм.

“Хуульчдын форум-2022”-ыг зохион байгуулахад Ханнс Зайделийн сан,  Азийн сан, Нээлттэй нийгэм форум, Чимид сан, АПУ компани, Худалдаа хөгжлийн банк, Богд банк, Snow Hill consultancy, Grata International Mongolia, Ананд Адвокатс ХХК, Монгол Өмгөөлөгч ХХК, Батбаяр Энд Партнерс ХХН, Анта Энд Партнерс,  Эм Энд Жи Лоу фирм ХХН, Ландмэнь Консалтинг ХХН, JalairCho LLP, Төв Консалтинг ХХН нар дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэж ажилласан бөгөөд хуульчдын нэр хүнд, нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан эдгээр байгууллага, өмгөөллийн нөхөрлөлийн хамт олонд талархал илэрхийлье!