2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 0 хувиар тогтоожээ. Энэхүү журам нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүчинтэй юм. Дэлгэрэнгүйг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468425538431 холбоосоор дарж авна уу.
2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулиар элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааг гаалийн албан татвараас чөлөөлжээ. Энэ хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчилнэ. Дэлгэрэнгүйг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468624835541, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530372017351 холбоосоор дарж авна уу.
2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигаар Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах зэргээр Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор "Эрүүл Монгол Хүн" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна. Холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468374579481
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийн жагсаалтыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын 163 дугаар тогтоолоор баталсан байна. Холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468538016851
2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын 2 дугаартай тогтоолоор "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13.1-д заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг байгалийн ургамал, ан амьтан, газар, ус, рашаан, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлэх, төсвийн суурь зарлагад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг тусгах, зарцуулах, тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой байна. Дэлгэрэнгүйг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390164559181 холбоосоор аваарай.