АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ТАТВАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ХУРАЛ

Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбооны 2014 оны

Олон Улсын Хурлын талаарх товч мэдээлэл

Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо (АНДОТЗХ)-ны 2014 оны ээлжит Олон Улсын Хурал 10 дугаар сарын 22-25 өдрүүдэд Тайваний Тайпэй хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Хуралд 12 улсын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд нийт 19 илтгэл тавигдсан байна. Тод Такс ТМЗ ХХК-ийг төлөөлөн 1 татварын зөвлөх тус хуралд оролцлоо.

12 дахь Их Хурал

Тус хурлын өмнө Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбооны 12 дахь уулзалт болсон юм. Уулзалтын үеэр холбооны 2013 оны Бизнесийн үйл ажиллагааны тайлан, Аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2015 оны Бизнес төлөвлөгөө, Үйл ажиллагааны төсвийг хэлэлцэн баталсан байна. 12 дахь уулзалтанд хөндөгдсөн бас нэгэн чухал асуудал бол АНДОТЗ Холбооны бүтцэд шинээр бий болсон Техникийн Хорооны үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг байлаа.

Техникийн хорооны үндсэн зорилго нь АНДОТЗ Холбооны гишүүдэд олон улсын татварын асуудлаарх тулгамдаж буй асуудлуудад туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдамжаар хангах, зөвлөмж өгөх болон олон улсын татварын асуудлаарх Ази Номхон Далайн орнуудын дуу хоолойг дэлхий дахинд хүргэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах болно. Тус Техникийн хороо нь бүтцийн хувьд Удирдах дэд хороо болон Техникийн Зөвлөхүүдээс бүрдэх бөгөөд Удирдах дэд хороо нь техникийн хороог бүхий л талаар удирдан ажиллах үүрэг хүлээх юм. Хорооны үйл ажиллагаа нь гишүүдээс ирүүлсэн хүсэлт бүрт техникийн зөвлөхүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, асуудлыг шийдвэрлэх зарчмаар явагдах юм. Техникийн зөвлөхүүд нь гишүүн байгууллага бүрээс нэр дэвшүүлсэн татварын зөвлөхүүдээс сонгогдох ба Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс 2 зөвлөхийг нэр дэвшүүлэх боломжтой болж байгаа юм. Нөгөө талаас манай улсын Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд олон улсын татварын талаарх тулгамдсэн асуудлаар тус хорооноос техникийн зөвлөгөө, тусламж авах боломж нээгдэж байна.

n/a

2014 оны Олон Улсын Хурлын гол хэлэлцсэн асуудлууд

2014 оны хурлаар хэлэлцэгдсэн гол асуудал нь татварын суурийг бууруулах ба ашиг шилжүүлэлт (Base Erosion and Profit Shifting - BEPS)-ийн асуудлууд болон Эдийн Засаг Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллага (OECD)-ээс гаргасан татварын суурийг бууруулах ба ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх арга хэмжээнүүдийн талаар байлаа. Эдийн Засаг Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллагаас татварын суурийг бууруулах ба ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх 15 цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс 7 нь өнгөрөгч 9 дүгээр сард бэлтгэгдэн гарсан байна.

 Татварын суурийг бууруулах ба ашиг шилжүүлэхтэй тэмцэх 15 цогц арга хэмжээний суурь зарчим

   Зарчим

  Тайлбар

   Арга хэмжээний дугаар

   Уялдаа холбоо

Орлогын татварыг давхардуулан ногдуулах болон татвар огт ногдуулахгүй байх явдлаас сэргийлэхийн тулд татварын системийн уялдаа холбоог олон улсын түвшинд сайжруулах.

   Арга хэмжээ – 2, 3, 4, 5

   Мөн чанар ба бүрэн эрх

Үнэ шилжүүлэлтийн хувьд татвар ногдуулах эрхийг тэгшитгэх

   Арга хэмжээ – 6, 7, 8, 9

   Ил тод байдал

Татварын суурийг бууруулах ба ашиг шилжүүлэлтийн үр нөлөөллийн талаарх мэдээлэл цуглуулалт болон боловсруулалтыг сайжруулах.

   Арга хэмжээ – 11, 12, 13, 14

Татварын суурийг бууруулах ба ашиг шилжүүлэхтэй тэмцэх цогц арга хэмжээний хүрээнд Эдийн Засаг Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллагаас дараах зөвлөмжүүдийг гаргасан байна.

  • Төлөөний газрын тодорхойлолтыг өргөжүүлэх

  • Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн талаарх дүрэм журмыг сайжруулах

  • Суутган татварын асуудлыг сайжруулах

  • Үнэ шилжүүлэлтийн асуудлыг сайжруулах

  • НӨТатварын талаар хууль, дүрэм журмыг шинэчлэх

  • Татвар төлөхгүй байх болон урт хугацаанд татварыг хойшлуулах явдлаас сэргийлэх хууль тогтоомжуудыг сайжруулах, бий болгох

  • OECD Model Tax Treaty-д өөрчлөлт оруулах

  • Хортой татварын практикийг хянаж тогтооход ашиглаж буй одоогийн шалгуурыг дахин шинэчлэх, өргөтгөх

  • Гэрээ хэлэлцээрийг зүй бусаар ашиглан татвараас зугтах явдлаас сэргийлэх дүрэм журам боловсруулах

  • Биет бус хөрөнгийн талаарх тусгай дүрэм журмуудыг боловсруулах

  • Тодорхой тогтсон арга, загваруудыг ашиглах –

Жиш: Country by Country Report Template (Дараах мэдээллүүдийг багтаасан)

  • Холбоотой талуудаас олсон орлого

  • Тухайн улсад оршин суугч ААН

  • Оршин суугч боловч өөр улсад байгуулагдсан ААН

  • Үйл ажиллагааны чиглэл

  • Дэлхийн бүх улсын татварын хэлэлцээрийг өөрчилж, нэгдсэн нэг системд оруулах

  • Татвар төлөгчдийн талаарх улс хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн системд оруулах

n/a

Энэ удаагийн АНДОТЗХ-ны Олон Улсын Хурал нь Ази Номхон далайн улс орнууд Эдийн Засаг Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллагаас гаргасан дээрх арга хэмжээний төлөвлөгөө болон зөвлөмжийн талаар байр сууриа илэрхийлж, цаашид бүс нутгийн нэгдсэн байр суурийг тодорхойлоход ач холбогдолтой байснаараа ихээхэн онцлог байлаа.

 

Бэлтгэсэн: Ж.Ариунаа 

Эх сурвалж: 

OECD (2013), ‘Action Plan on Base Erosion and Profit Shifting’. OECD Publishing. http://dx.doi.org/10.1787/9789264202719-en 

AOTCA (2014), ‘BEPS, Case Study and Korean Aspect’. Proceedings of the 12th AOTCA International Tax Conference. Ko, J. (ed). KACPTA. 25-26 Oct, 2014. 

AOTCA (2014), ‘Practitioner Forum on BEPS Issues Focus – Hong Kong’. Proceedings of the 12th AOTCA International Tax Conference. Thomas, L. (ed). AOTCA. 25-26 Oct, 2014. 

AOTCA (2014), ‘U.S. View on BEPS’. Proceedings of the 12th AOTCA International Tax Conference. Thomas, L. (ed). Cadesky and Associates. 25-26 Oct, 2014.