"AOTCA BALI 2022" олон улсын татварын хурал болж өндөрлөлөө.

Тод такс ТМЗ ХХК-ийн татварын зөвлөхүүд Индонези улсын Бали аралд 11 сарын 22-25-ны хооронд болж өндөрлөсөн Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн холбоо /AOTCA/-ны ээлжит хуралд оролцож, туршлага солилцлоо.

Корона вирусын цар тахлын улмаас 2 жил өнжөөд байсан уг олон улсын хуралд 14 орны 600 орчим төлөөлөгчид өөрийн биеэр болон цахимаар оролцсон байна. Монгол Улсын хувьд бусад орнуудтай харьцуулахад хамтын том баг буюу 40 орчим хүн уг хуралд оролцсоноос ТМЗН-ийн төлөөлөл илтгэгч болон модератороор оролцож эх орныхоо нэрийг гарган, өөрийн орны туршлагаас хуваалцлаа.

Энэхүү хурал нь:

1. Олон улсын татварын чиг хандлага

2. Дижитал татварын чиг хандлага

3. Татварын маргаан

4. Хүүгийн зардлын хязгаарлалт буюу нимгэн капиталжуулалтын дүрэм

5. Гамшгийн үеийн татвар /цар тахлын дараах татварын өөрчлөлт/ гэсэн таван хэсэгтэй, хэсэг тус бүр 4 илтгэл, 20 минутын хэлэлцүүлэгтэйгээр зохион байгуулагдсан байна.

Үүний 4-р хэсэгт буюу Хүүгийн зардлын хязгаарлалт буюу нимгэн капиталжуулалтын дүрэм сэдвээр ТМЗН-ийн ерөнхийлөгч, доктор, профессор Г.Алтанзаяа, ТМЗН-ийн МҮБМХ-ны гишүүн, ТМЗ Б.Уянга нар илтгэл тавьж, АОТСА-ны дэд ерөнхийлөгч, ТМЗН-ийн дэд ерөнхийлөгч А.Тамир модератороор ажиллалаа.

Сонирхуулахад, AOTCA-г анх 1992 онд Ази, Номхон Далайн бүс нутагт байрладаг 10 татварын мэргэжилтнүүдийн байгууллага нэгдэн байгуулж байсан бөгөөд өдгөө 13 улс/бүс нутгийн 19 тэргүүлэгч байгууллагыг хамарч өргөжсөн байна. Олон жилийн турш Ази, Номхон Далайн бүс нутгийн татварын мэргэжилтнүүд энэхүү олон улсын мэргэжлийн байгууллагын нэг хэсэг болж, ололт амжилтаараа бахархаж, жил бүр AOTCA-ны уулзалт, олон улсын татварын бага хурлыг зохион байгуулдаг бөгөөд олон улсын татвартай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.

Дараагийн олон улсын татварын хурал 2023 онд Япон улсад зохион байгуулагдахаар болжээ.